Wednesday, January 14, 2015

Стратегийн жагсаалтад бүртгэгдэх 39 орд


Стратегийн ордын жагсаалтыг цаашид өргөжүүлэх үү, энэ хэвээр нь байлгах уу гэдэг бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал.

Стратегийн ач холбогдолтой ордыг нэмж бүртгэх эрх хуулиар нээлттэй. Тиймээс Гацууртын алтны ордыг стратегийн ордод бүртгэх асуудлыг УИХ хэлэлцэж эхлээд буй.

Ашигт малмталын ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулснаар ордыг зүй зохистой ашиглахад төрийн хяналт илүү ойртох, улсын эдийн засагт орох үр ашиг болон бүс нутагт үзүүлэх эерэг нөлөөлөл нь нэмэгдэх сайн талтай гэж үздэг. Стратегийн ордод төрийн оролцоо, хувь нэлээд өндөр байдгаас үүнийг зах зээлийн зарчимд нийцэхгүй гэж үзэж шүүмжлэх хүмүүс бий. Магадгүй ийм шүүмжлэлээс болоод стратегийн ордыг нэмэгдүүлэх ажил зогсонги байдалд орсон байж мэднэ.

Ямар ч байсан УИХ 2007 онд 15 ордыг стратегийн ач холбогдол бүхий гэж баталгаажуулснаас хойш найман жилийн хугацаанд дээрх жагсаалтад нэг ч орд шинээр нэмэгдээгүй байгаа.

Стратегийн ач холбогдол бүхий ордод нэмж хамааруулах ордыг судлан асуудал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Уул уурхайн яаманд байгуулагдан ажилласнаар 2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батласан 39 ордоос 17, нөөц нь тогтоогдсон томоохон ордуудаас 16 ордыг эхний ээлжинд УИХ-д танилцуулж, шийдвэр гаргуулахад бэлэн болжээ.

Стратегийн ордод нэмж бүртгэх боломжтой гэж үзсэн 39 ордоос Цайдам нуурын хүрэн нүүрсний орд, Лугийн голын газрын ховор элементийн ордуудыг стратегийн ордод бүртгэх саналыг Засгийн газраас оруулсан ч тодорхой шалтгаанаар эргүүлж татсан юм.

Цайдам нуурын хүрэн нүүрсний орд бол Багануурын нүүрсний ордын үргэлжлэл гэж болно. Багануурын ордыг нээсэн геологичид Нүүрэнтэйн урд талын хөндийгөөс их хэмжээний нүүрсний нөөц илрүүлэн Цайдамын орд гэж нэрлэсэн түүхтэй. Уг орд Улаанбаатар-Чойрын хатуу хучилттай замаас 27 километр, төмөр замаас 28 километр зайтай, дэд бүтцийн тааламжтай байрлалд оршдог. Монголд томоохонд тооцогдох энэ ордыг түшиглэн 600 мВт-ын цахилгаан станц барих, нүүрс шингэрүүлэх, хагас кокс, шахмал түлшний үйлдвэр байгуулахаар төлөвлөж, гадны нэр хүндтэй байгууллагуудаар судалгааны ажлууд хийлгэсэн. Үр дүнгүүд нь ч нааштай гарсан байдаг.

Лугийн голын ордын хувьд техник, технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед газрын ховор элемент нь  электрон болон цахим техникийн үйлдвэрлэлийн чухал түүхий эд болох стратегийн ач холбогдолтой тул энэ төрлийн ашигт малтмалын ордуудыг ашиглахад төрийн оролцоо нэн чухал гэж үзэж стратегийн ордод бүртгэх санал боловсруулсан ч уг ордын талаарх судалгаа, тооцоо хангалтгүй гэж үзэж буцаажээ.

No comments:

Post a Comment